Улаан, цагаан, хар, ягаан, шар, бор, цэнхэр гээд өнгө, өнгийн гуталнууд өнөөдөр “эсэргүүцлээ” илэрхийлэв.
Жижигхэн саарал гутал “Ангидаа жаруулаа суумааргүй” байгаагаа өчиж, харин халцарч муудсан хар гутал “Ягааны гудамжтай болох”-ыг мөрөөдөв. Гутал бүр зовлон жаргал, мөрөөдөл хүслээ өмнөө бичжээ. Нийтдээ 3000 гаруй гутал эзнийхээ өмнөөс эрхбаригчдын эсрэг жагсч байна.
Өнгө хэвээ алдаж, хуучирч муудсан гуталнуудын дэргэд өхөөрдөм жижигхэн гутал ч “дэгдэж” явна. “Ээж аавтайгаа гоё амьдармаар байгаа”-г энэ жижигхэн гутал “дуулгав”. Эзэн нь гэж сахилгагүй нөхөр байгаа даа, аягүй бол. Ээжтэйгээ унадаг дугуйгаар уралдъя гэж уурладаг ч байж магадгүй шүү. Манай хотод дугуй унах нь бүү хэл хүүхэд тоглох талбай ховорхон шүү дээ. Хөөрхий хүүхдийн паркийн газрыг нь аав, ээжүүд, ах эгч нар өнгө мөнгөөр зарчихсан юм даг. “Оройдоо тоглох гоё талбайтай” болмоор байгаагаа охины гутал хэлж. Тоглох талбайгүй болохоор өдөржингөө гэртээ бүгэх эзэндээ санаа тавьж буй нь энэ болов уу.
Энэ мэтээр гутал болгон өөр, өөрийн хүсэл, зовлон бэрхшээлээ өчиж байна. Эзнээ төлөөлсөн эдгээр гутлуудад ярих зовлон, хэлэх асуудал их л байгаа биз. Гутлаа үргэлж тосолж, өнгөлдөг эзэд ч байна, гудамжны шороо тоосноос нь салгадаггүй нэгэн ч байна. Энд зовлон үзсэн гутал зөндөө байна лээ. Эзэн нь архи уудаг, ажилгүй, амьдралын баталгаагүй гээд “зовоодог” ч биз. Эсвэл өрх толгойлсон, олон хүүхэдтэй өөрөөс нь өөр өмсөх гуталгүй эзэд ард нь хөл нүцгэн хүлээж суугаа ч байх.
Гуталтнууд өдөржингөө эсэргүүцлээ илэрхийлэх гэнэ. Өдөржин жагслаа гээд өлсч даарах, өвдөж, хавдахын зовлон байх биш. Их л сайндаа “хулгай”-д алдагдаж, эзнээсээ төөрч будилж магадгүй юм даа.
Жагсаалын баруун урд буланд "зогсоо" хар, цагаан хосолсон “Nike” пүүз шив шинээрээ шахуу. Эзэн нь ажил амьдралын гараагаа эхлээд удаагүй залуу байж мэдэх. Пүүз өмнө “Би найман сая төгрөгөөр дөрвөн жил сурсан. Одоо 450 мянган төгрөгийн цалинтай, туслах ажил хийж байна” гэсэн лоозон “барьжээ”. Талбайн зүүн урд нарийн хоншоор, богино өсгийтэй хар гутал намжиртайхан аргагүй жагсч байна. Гоолиг, дэгжин эзнээ төлөөлж ирсэн энэ гутал мөн л “Залуус танилаараа бус тархиараа ажилтай болмоор байна“ хэмээн бичжээ. Монголд танил талгүй ч юм уу эсвэл хөрөнгө мөнгөгүй бол төрийн ажилд орох үнэхээр хэцүү л дээ. Үүнээс болоод Монголын төр төрлийн алба болж хувирсан нь ч худлаа биш. Эцэг нь сайд, хүү нь газрын дарга, авгай НИТХ-ын төлөөлөгч, хүргэн нь дүүргийн орлогч гээд нэг дүүргийг эрхшээлдээ авсан нэгэн гэр бүл ч Монголд байгаа шүү дээ.
Хар өсгийтийн хажууханд нь “Эх орондоо боловсрол эзэмшсэн бүтээн байгуулалтын эзэд болох залуус гадаадад хөдөлмөрөө худалдаж байна” хэмээн бичиг харагдана.
Пүүз, кэйт, урт, богино түрийтэй, урдаа үдээстэй, ардаа цахилгаантай, хар, цагаан улаан, бор, шар,ногоон гээд өнгө бүрийн гутал дунд ээтэн монгол маань “жагсч” явна. Энэ гутал бодвол эрх баригчдын эсрэг гутлын жагсаал болно гэдгийг сонсоод их холоос ирсэн байж магадгүй. Бөөрөндөө энгийн, даруу хээ бүхий бор өнгийн түрийтэй монгол гутлын дэргэд “Үндэсний соёл урлагаа сурталчилъя” хэмээн бичин, талбайн урд байрлуулжээ.
Ийнхүү гутлын жагсаал төв талбайд нам гүмхэн үргэлжилж байна. Тэд өндөг шидсэнгүй, уйлж бахирсангүй. Тэднийг эмх замбараатай байлгах гэж цагдаа нар бөөн, бөөнөөрөө бэлэн байдалд байх шаардлага ч алга. Гэвч, "Яагаад заавал гутал жагсах гэж?” хэмээн сониучирхан асуух иргэд ч байна. Энэ асуултад зохион байгуулагчдын зүгээс “Эмч, багш, цагдаа гээд бүгд тус тусын ажилтай. Тиймээс цаг гарган жагсаал хийж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй. Эсвэл дарга, даамлуудаасаа айх, эмээх асуудалтай. Чухам иймээс л гутлаа илгээн, жагсаалд оролцох боломжийг олгож байгаа юм” хэмээн тайлбарлав.
Монголын залуучуудын холбооныхон бүр эртнээс л гуталтай жагсаалын мэдээллээ тарааж, иргэдээс гутал, хүсэл хоёрыг нь цуглуулж эхэлсэн байна. “Эх орноо авлигачдаас авармаар байна”, “Монголын ирээдүй хаана байна вэ”, “Нэг монгол хүнд ногдох өрийн хэмжээ хэд дахин нэмэгдсэн бол гэхээс айж байна”, “Иргэдийн амиа хорлож буй шалтгаан нь төр” хэмэн улстөржсөн гутлууд ч бас яаж дутах билээ.
“Байртай болмоор байна”, “Цалингаа гурав дахин нэммээр байна” гэх эзнийхээ энгийн хүсэлтийг дайж авчирсан даруухан гутлууд ч харагдана.
Гутлын жагсаалыг харин иргэд элдэв янзаар дүгнэж байна. 54 настай н.Баатархүү “Ингэж гутлаа тавиад асуудал шийдэгддэг бол надад хуучин муу гутал хогоороо л байна” гэв. Харин 32 настай н.Түвшиндүүрэн “Миний хувьд зуны ботинкоо өгсөн. Залуусынхаа төлөөлөл болж, ажлын байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн” гэлээ. Тэгвэл 24 настай н.Оюут “Жагсаал цуглаан олширсон үед ийм юм хийгээд хэрэг байна уу даа. Мэдэхгүй” хэмээв. Зохион байгуулагч Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Жагсаалаараа дамжуулан нийгэмд болохгүй бүтэхгүй асуудлыг гаргаж ирнэ. Мөн 100 хар үйл явдлын эзнээ ч тодруулна. Өнөөдөр жагсаалаа хийж, олон түмний дуу хоолойг гаргана. Цаашлаад тавдугаар сарын 20-нд хар үйл явдлын эздийг нэрлэж гаргана” гэж байлаа.
Юутай ч ил гарахыг хүсээгүй эздийнхээ үгийг дамжуулж буй “жагсаалч” гутлын өчил олон зүйлийг өгүүлжээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment