Х.БАТТУЛГА ГИШҮҮНИЙ ТУСЛАХААР АЖИЛЛАЖ БАЙСАН ЭМЭГТЭЙГ 14 ХОНОГ ХОРИХООР БОЛЛОО

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал нарын дөрвөн эмэгтэйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 
10:00 цагт товлогдсон байсан хуралдаан хойшилсоор 12:00 цаг өнгөрөөж эхэлсэн юм. Шүүх хуралдаанаас Г.Түвшинжаргал нарын дөрвөн эмэгтэйг үргэлжлүүлэн 14 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Г.Түвшинжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайдаар ажиллаж байх үед туслахаар нь ажиллаж байсан юм. 

Өмнө нь буюу гуравдугаар сарын 16-нд баривчлагдсан Г.Түвшинжаргал болон энэ сарын 18-ны үүрээр баривчлагдсан Ш.Эрдэнэтуяа нар хоёулаа бага насны хөхүүл хүүхэдтэй. Г.Түвшинжаргалын гэр бүлийнхэн "Арай ч хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг үргэлжлүүлж хорихгүй байлгүй дээ. Тийм хуулийн заалт ч байхгүй шүү дээ" гэж байсан юм. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.9-т 
"Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд энэ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно" гэж заасан байдаг ажээ. 
Харин тус хуулийн 68.2-т 
68.2.Дараах нөхцөл байдал байвал хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно:
  • 68.2.1.өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн;
  • 68.2.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан;
  • 68.2.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж заасан байдаг аж.  

"ТАВАН ТОЛГОЙГ ГАДНЫ КОМПАНИД ӨГӨХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛЧИЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭРҮҮ ШҮҮЛТЭД ОРЖ БАЙНА" 

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. Энэ үеэр шүүхийн гадаа Х.Баттулга гишүүн ирсэн байв. Түүнээс товч тодруулга авлаа.


Тэрбээр "Монгол Улсыг хөгжүүлж "Эрдэнэт" шиг үйлдвэр барина гэсэн хүсэл зорилготой олон хүнийг нухчиж дарж байна.  Эрчүүдийг нь "нухаж" чадахгүй болохоор хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд рүү нь орж байна. Нарийн бичгүүдээс юу гарах юм. Таван толгойг 60 жил цаашилбал 100 жил гадны компанид өгөх гэж байсныг илчилснийхээ төлөө ийм эрүү шүүлтэд орж байна.
Намайг тойрсон хүмүүсийг шалгаад байгаа бол тэр асуугаад байгаад нь хариулъя гээд бүх асуугаад байгаа юмыг нь бүгдийг нь аваачаад өгчихсөн. Тэнд бүх юм тодорхой байгаа. Шалгаад өөр юм гарахгүй болохоор өөр юм руу орж байна.Төмөр замаас юм гараагүй. Одоо цагдан хориог сунгах эсэхийг шийдэх гэж байна. Хараад хүлээж байя." гэв.
Х.Баттулга гишүүнтэй 10 гаруй жил хамт ажиллаж байгаа нарийн бичиг Ш.Эрдэнэтуяаг өнөөдөр үүрийн 04.00 цагт баривчилжээ. Тэрээр "Түмэн хишигтэн" төслийн захирал аж. 
М.МӨНХБААТАР: ХҮҮХЭД Л ХАМГИЙН ХЭЦҮҮ БАЙНА
Баривчлагдсан Г.Түвшинжаргалын нөхөр М.Мөнхбаатар "Цагдаа нар мэдүүлэг авна гээд аваад явсан. Бага хүүхэд маань ой 6 сартай хөхүүл. Хүүхэд л хамгийн хэцүү байна. Ханиадтай, хатгаатай байсан хүүхэд их уйлахаар бүр хүндэрдэг юм байна. Бас аав нь хавдартай, харвачихсан хэвтрийн хүн байдаг. Хүүхэдтэй охин нь хоригдож байгааг мэдвэл бие нь улам хүндэрнэ. Ийм л хэцүү байдалд байна" гэлээ.

                                                                                                               Эх сурвалж: http://www.ikon.mn/
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment